МОНГОЛНЭВТРЭХ
ENGLISH

Монголд анх удаа хөх тарианы гурил үйлдвэрлэж эхэллээ

Монгол улсын хөгжил дэвшлийн төлөөх нэгэн том бүтээн байгуулалт болох “Эрдэнэт гурил” үйлдвэрийн албан ёсны нээлтийн үйл ажиллагаа 2014 оны 6 сарын 30-ны өдөр Эрдэнэт хотод боллоо. Нээлтэнд Турк улсаас Монгол Улсад суугаа элчин сайд Мурат Карагөз, Үйлдвэр, хөдөө аж ахуйн дэд сайд Ц.Туваан зэрэг олон зочид оролцлоо.

“Нүүдэлчин” группийн 100 хувийн хөрөнгө оруулалтаар баригдсан энэхүү үйлдвэр нь Монголдоо анх удаа хөх тарианы гурилыг үйлдвэрлэж эхэлсэнээрээ онцлог юм.

“Манай улс жилд таван мянган тонн хөх тарианы гурилыг гадаадаас импортолдог байсан бол энэхүү импортын бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэх боломжтой болсон нь томоохон амжилт юм”  хэмээн Үйлдвэр, Хөдөө Аж Ахуйн дэд сайд Ц.Туваан онцлов.                                                                                        

Тус үйлдвэр өдөрт 30 тонн хөх тарианаас гадна 150 тонн улаан буудай боловсруулж, 117 тонн улаан буудайн гурил, 33 тонн малын хорголжин болон нунтаг тэжээл зэрэг бүтээгдэхүүнүүдийг зах зээлд нийлүүлэх аж.  “Хишиг” нэртэйгээр худалдаанд гарч буй гурил нь Улаанбаатар хотоос гадна Орхон, Булган зэрэг аймгийн иргэдийн хэрэгцээг хангана. “80 хувийн гарцтай, сайн чанарын гурил үйлдвэрлэж байгааг” тус үйлдвэрийн техникийн зөвлөх М. Эрдэнээ хэллээ.

 “Эрдэнэт гурил” үйлдвэр ашиглалтанд орсноор монголчуудын хүнсний хэрэглээнд эрүүл  хүнс хэрэглэх нөхцлийг бүрдүүлэхэд хувь нэмэрээ оруулж,  эрүүл мэндэд ээлтэй хүнсний сонголтыг ихэсгэж байна. Бид цаашид зөвхөн дотооддоо биш гадаадад экспортлох зорилт тавин ажиллаж байна” хэмээн Нүүдэлчин групп”-ийн ТУЗ-ийн гишүүн Ш.Лхамсүрэн ярисан юм.

Дэлхийд гурил үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж болон нийлүүлэлтээрээ тэргүүлэгч “Алапала” фирмийн техник тоног төхөөрөмжөөр тоноглогдсон тус үйлдвэр нь бүрэн  автоматжсан, хүний хөдөлмөрийг хөнгөвчилсөн компьютер удирдлагын системтэй цогц үйлдвэр болж чаджээ. Байгаль орчинд ээлтэй уг үйлдвэрийн технологи нь усыг 12 дахин бага, эрчим хүчийг 25% бага  зарцуулдаг байна.  "Алапала" фирмийн бүс хариуцсан менежер  Бахадыр Сейт “Алапала фирм нь 60 жилийн түүхтэй. Дэлхийн 100 гаруй оронд техникийн туслалцаа үзүүлэхээр төлөөлөгчийн газраа нээж, гурилын үйлдвэр барьсан туршлагатай.  “Эрдэнэт гурил” нь манай  фирмийн Монголд байгуулсан дөрөв дэх үйлдвэр юм.  Урд нь байгуулсан үйлдвэрүүдээс “Эрдэнэт гурил” үйлдвэр нь Алапалагийн хамгийн сүүлийн үеийн технологитойгоороо онцлогтой” гэлээ.

Нэг жил гаруйн өмнө хоосон шороо байсан газар дээр өнөөдөр ийнхүү орчин үөийн цоо шинэ үйлдвэр сүндэрлэж, Эрдэнэт хотын 100 гаруй залуусыг тогтмол ажлын байртай болгож, Монгол улсын иргэдийг эрүүл хүнсээр хангаж буй нь эдийн засаг хямарсан энэ үед эх орны хөгжилд нэгэн түлхэц болж байна.

 

“2013 оны 5 сараас эхлэсэн үйлдвэрийн бүтээн  байгуулалтыг энэ оны 6 сард дуусган арван гуравхан сарын дотор ашиглалтанд оруулж чадлаа. “Эрдэнэт гурил” ХХК нь  бүх л үйл ажиллагаандаа хөдөлмөрийн аюулгүй байдал, өндөр хариуцлага, тогтвортой байдлыг бүрэн хангаж ажиллахыг эрхэм болгодог. Иймээс ч хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэргэжлийн зөвлөх үйлчилгээг үйл ажиллагаандаа хэрэгжүүлэн ажилласны үр дүнд бүтээн байгуулалтын ажлыг осол гэмтэлгүй явуулсан. Үйлдвэрийн бүтээн байгуулалтанд нийт 119 хүн гар бие оролцлоо. Энэ үйлдвэр ашиглалтанд орсноор 100 гаруй хүнийг тогтвортой ажлын байраар хангаж, орон нутгийн иргэдийг сургах, дадлагажуулахад түлхүү анхаарч, үйлдвэрийн ажилчдын 98 хувийг орон нутгаас буюу Эрдэнэт хотын иргэдээс бүрдүүлэн ажиллаж байна” хэмээн “Эрдэнэт гурил” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ч. Энхбаяр ярилаа.

2014 оны 7 сарын 8