МОНГОЛНЭВТРЭХ
ENGLISH

Mонголдоо анхдагч үхрийн ферм байгуулах төсөл амжилттай хэрэгжиж байна

Хөдөө аж ахуйн салбарт гарч буй нэгэн томоохон дэвшил нь дотооддоо сүүний чиглэлийн үхрийн ферм байгуулах замаар импортын хуурай сүүг бууруулах явдал юм. 
 
“Хишигтэн нүүдэлчин” компани нь шинэчлэлийн Засгийн Газрын хэрэгжүүлж буй “Хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах хөтөлбөр”, “Чингис бондын хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-т хамрагдсанаар Монголдоо анхны томоохон үхрийн ферм байгуулах төслийг амжилттай хэрэгжүүлж байна.
Төв аймгийн Архуст сумын нутагт дэвсгэрт байрлах энэхүү фермийн үйл ажиллагаатай танилцахаар Монгол улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, ХААЯ-ны дэд сайд Ц.Туваан болон холбогдох албаны хүмүүсийн хамт очлоо.
 
 
“Хишигтэн нүүдэлчин” компани нь өнгөрсөн онд Франц улсаас сүүний гарцаараа дэлхийд тэргүүлдэг  Монт-белъяард үүлдрийн 155 толгой үхрийг импортлон оруулж ирсэн юм. Өдгөө үнээнүүд төллөж үхэр сүргийнхээ тоог нэмэгдүүлж 120 гаруй тугал хүлээн авчээ. Нэг үнээ нь өдөрт 20-25 л сүүний гарцтай төдийгүй Монгол үхэртэй харьцуулахад сүү нь уураг тэжээл өндөртэй. Тус ферм нь сүүгээ Монголын сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч “АПУ” ХХК, “Милко” ХХК-уудад өдөр бүр нийлүүлдэг. Мөн эдгээр үхэрнүүдийг махны чиглэлээр ашиглах боломжтой бөгөөд гунжин үхэр 550-650 кг татдаг бол нас бие гүйцэхээрээ 750-850 кг хүрдэг. 
 
 
“Үхрийн аж ахуй эрхэлж буй хүмүүс тэжээл, байрны асуудлаа бүрэн шийдэх шаардлагатай. Бидний хувьд 4 мянган га талбайд тэжээлийн бүх төрлийн ургамал тариалж, үхрийнхээ тэжээлийг 100 хувь өөрсдөө хангадаг хэмээн тус компанийн гүйцэтгэх захирал Ж.Баттөгс хэлсэн юм. Тэрээр “Чингис бондын хөтөлбөрийн хүрээнд энэ оны 6 дугаар сарын сүүлээр Франц улсаас дахин 160 үнээ оруулж ирэхээр төлөвлөөд байна. Цаашид үхэр сүргийн тоогоо 2000 толгойд хүргэх төлөвлөгөөтэй байгаа” тухайгаа ярив.
Үйлдвэр, хөдөө аж ахуйн дэд сайд Ц.Туваан сүүний үйлдвэрлэлийн чиглэлээр төрөөс ямар бодлого барьж буй талаар “Үйлдвэрийн аргаар боловсруулж буй сүүний 15-16 хувийг л дотоодоосоо хангаж байна. Нөөц хангалттай байгаа учир сүүний хэрэгцээгээ дотоодоосоо бүрэн хангах боломжтой. Сүү эмзэг бүтээгдэхүүн учраас холоос зөөх боломжгүй. Тиймээс бид эхний ээлжинд төвлөрсөн суурин газруудаа эрчимжсэн аж ахуйгаас гарч буй сүү, сүүн бүтээгдэхүүнээр хангана. Дараа нь бэлчээрийн мал аж ахуйгаас гарч буй сүүг органик бүтээгдэхүүн боловсруулах чиглэлээр хөгжүүлэх бодлого барьж байна” гэлээ.
 
“Нүүдэлчин” ферм шиг 10 гаруй ферм Улаанбаатар орчимд бий болоход л нийслэлчүүдийн сүүний хэрэгцээний 50 хувийг хангах боломж бүрдэнэ. Баталгаатай, өндөр чанартай сүүг өвөл зунгүй нийлүүлэх болсон анхны компанийн хамт олонд баяр хүргэе” хэмээн Ерөнхий сайд талархал илэрхийлж амжилт хүслээ. “Хишигтэн нүүдэлчин” ХХК-ийн туршлагад тулгуурлан Монгол улсын аль ч аймаг суманд үүнтэй ижил төрлийн ферм байгуулах бололцоо байгаа тухай тус компанийн гүйцэтгэх захирал Ж.Баттөгс онцолсон юм.
 
 
2014 оны 6 сарын 10