МОНГОЛНЭВТРЭХ
ENGLISH

Г.Нямдорж: Ажилтан бүрийн зорилго компанийн зорилготой нэгдсэнээр алсын хараа, эрхэм зорилгодоо хүрнэ

Нүүдэлчин группийн гүйцэтгэх захирал Г.Нямдоржтой ярилцлаа. Тус групп өнгөрсөн 16 жилийн хугацаанд ихийг хийж бүтээсэн байдаг. Нүүдэлчин групп анх 1998 онд Мондулаан трейд компанийг байгуулан, дулааны үйлдвэрлэл, халаалтын чиглэлээр үйл ажиллагаагаа эхэлсэн. 2000 оноос уул уурхайн олборлолт, хайгуулын чиглэлд ажиллах болсноор үйл ажиллагаагаа өргөжүүлсэн. 2010 онд “Нүүдэлчин групп” компанийг үүсгэн, группийн бүтэц, зохион байгуулалтад шилжсэн. Тэр үеэс компанийн оношлогоо, зааварчилгааны хөтөлбөр, баланс скор карт-олон улсын бизнес төлөвлөгөөний арга аргачлалыг засаглалын асуудалтай цуг охин компаниуддаа нэвтрүүлж эхэлсэн.

 

Одоогоор уул уурхайн салбарт “Мондулаан трейд” ХХК, “Уул уурхайн үндэсний олборлогч” ХХК, “Нүүдэлчин айрон ресорс” ХХК, барилгын салбарт “Арга барил” ХХК, хүнс, хөдөө аж ахуйн салбарт “Эрдэнэт гурил” ХХК, “Хишигтэн нүүдэлчин” ХХКомпаниудтайгаар үйл ажиллагаа явуулж байна.

 

Та бүхэн группийн алсын хараагаа Үндэсний шинэ бахархал болох гэж томьёолсон нь анхаарал татлаа?

 

Өнгөрсөн хугацаанд манай компанийн үйл ажиллагаа өргөжиж, нийгэмд эзлэх байр суурь батажлаа. Нүүдэлчин групп байгуулагдсан цагаасаа хойш алсын хараагаа Үндэсний шинэ бахархал болох гэж тодорхойлсон. Энэ зорилгод хүрэхийн тулд стратегиа тодорхойлон, ажилтан бүрийн KPI-ийн зорилтыг боловсруулсан, энэ зорилт нь компанийн зорилго, стратегийг хэрэгжүүлэх үндсэн үзүүлэлт болсон.

Үүгээрээ Нүүдэлчин групп компанийн засаглалын хүрээнд, менежментийн дотоод үйл ажиллагааг сайжруулах ажлыг Монголын компаниудтай харьцуулбал нэлээд өндөр төвшинд хийж байна.  

Бид 2010 оноос Монгол-Японы төвтэй хамтарч ажилласан. Загвар аж ахуйн нэгж, оношлогооны хөтөлбөрт арваад компани хамрагдсан байдаг. Энэ компаниуд дотор бид илүү идэвхи санаачлагатай ажиллан, компанийн засаглал, бүтцийн өөрчлөлт, менежментийн дотоод үйл ажиллагааг тасралтгүй хийсээр ирсэн юм.

 

Нүүдэлчин групп барилга, уул уурхай, хөдөө аж ахуйн салбарт үйл ажиллагаа явуулдаг. Та бүхэн манай оронд ихээхэн эрэлттэй хүнсний үйлдвэрлэлийн салбарт ч нэвтэрчээ.

 

Улс орны нийгэм, эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдийг авч явдаг байгууллагууд нь компанийн засаглалыг бэхжүүлсэн, үндэсний томоохон компаниуд байдаг. Энэ хүрээнд манай компани улс орныхоо нийгэм эдийн засгийн салбарт тодорхой үр дүн үзүүлэх зорилгоор 2013 онд Эрдэнэт хотод Монгол улсад дөрөвт орох гурилын үйлдвэр байгуулсан. Энэ үйлдвэр босоо технологи буюу орчин үеийн технологитой. Бид Туркийн Алапала фирмээс тоног төхөөрөмжөө оруулж ирсэн. Улаан буудайн гурил үйлдвэрлэхээс гадна Монголдоо анх удаа хөх тарианы гурил үйлдвэрлэх юм. Манай Эрдэнэт гурил компани энэхүү төслийг хэрэгжүүлж байгаа.

Ингэснээр бидний өдөр тутам иддэг хар талхыг дотооддоо үйлдвэрлэх боломж бүрдсэн. Хар талхны үндсэн түүхий эд нь хөх тарианы гурил. Энэ бүтээгдэхүүн хэрэглэгчдийн эрүүл мэндэд маш их тустайг бид сайн мэднэ. Бусад улс орнуудад ч энэ бүтээгдэхүүний эрэлт өсч байгаа болохоор бид энэ чиг хандлагын дагуу л ажиллаж байна.

Нөгөө талаас энэ үйлдвэрт манай ажилчдын хөдөлмөр, сэтгэл, бүтээлч байдал, манлайлал, хувь эзэмшигчдийн зөв шийдвэр гээд олон зүйл шингэж, үйлдвэр бүтсэн.

2013 онд бид Монгол улсдаа сүүлийн үеийн техник, технологитой, үхрийн орчин үеийн фермер байгуулсан. Манай ферм нь Франц улсын өндөр ашиг шимт  мах, сүүний хосолсон Монтбейлъярд үүлдрийн 155 үхэртэй. Өнөөдрийн байдлаар төлийн алдагдалгүй үхэр сүргийн тоог нэмэгдүүлэн ажиллаж байна. Энэ фермийг дагалдуулаад, газар тариалан эрхэлж, тэжээлээ өөрсдөө бэлдэж байна. Оригинал бүтээгдэхүүн болох сүүгээ дотоодын сүү үйлдвэрлэгчдэд нийлүүлдэг. Энэ төслийг манай “Хишигтэн нүүдэлчин” компани хариуцан хэрэгжүүлсэн.

2013 онд бидний хийсэн, бүтээн байгуулалтын энэ хоёр ажил илүү онцлогтой, хэрэглэгчид рүү чиглэсэн, нийгмийн хариуцлагатай бизнес бүтээсэн гэдгээрээ бид их бахархаж байна. нэмэгдүүлэн ажиллаж байна. Энэ фермийг дагалдуулаад, газар тариалан эрхэлж, тэжээлээ өөрсдөө бэлдэж байна. Оригинал бүтээгдэхүүн болох сүүгээ дотоодын сүү үйлдвэрлэгчдэд нийлүүлдэг. Энэ төслийг манай “Хишигтэн нүүдэлчин” компани хариуцан хэрэгжүүлсэн.

2013 онд бидний хийсэн, бүтээн байгуулалтын энэ хоёр ажил илүү онцлогтой, хэрэглэгчид рүү чиглэсэн, нийгмийн хариуцлагатай бизнес бүтээсэн гэдгээрээ бид их бахархаж байна.

 

Тэгвэл танай группийн цаашдын зорилго юу вэ?

 

Бид бизнесийн цар хүрээгээ тэлэхийн хажуугаар улс орны эдийн засгийг хөдөлгөгч, томоохон компани болохоор зорьж байна. Энэ ажлын хүрээнд дотоод засаглалаа улам бэхжүүлнэ. Менежментийн орчин үеийн арга, техник болон технологи нэвтрүүлэхийн сацуу аюулгүй ажиллагаа, чанарыг эрхэмлэн ажиллана. Энэ бүхний үр дүнд л нийгэмд бодитой өөрчлөлт бий болно.    

 

Үндэсний шинэ бахархал компани болно гэдэг нь олон нийт танай компаниар бахархдаг болно гэсэн үг. Ийм хэмжээнд хүрэхийн тулд ямар шалгуур хангасан байх ёстой вэ?

 

Бид дөрвөн жилийн өмнөөс Үндэсний шинэ бахархал компани болно гэсэн алсын хараагаа томьёолсон. Олон бизнестэй байх, өндөр ашиг олох нь чухал биш. Монголд аюулгүй ажиллагаа, чанарыг эрхэмлэсэн, хүндээ итгэсэн, хүнээ дээдэлсэн бодлогоороо л тэргүүлэгч байя гэсэн юм. Бид энэ гурван зүйл дээр л голлон анхаарч ажиллана. Энэ бол Монголын бүх компанийн хувьд боломжтой зүйл. Үүнийг зорилт болгон тавих нь л чухал.

 

Энэ онд бүтээн байгуулалтын ямар төсөл хэрэгжүүлэх вэ?

 

Одоо хэд хэдэн томоохон төсөл хэрэгжүүлэхээр бэлдэж байна. Нүүдэлчин айрон ресорс компани дээрээ хоёр үе шаттай төсөл хэрэгжүүлнэ. Эхний ээлжинд 62-64 хувийн нойтон баяжмал үйлдвэрлэнэ. Хоёр дахь шатанд 92-96 хувийн төмрийн агуулгатай ширэм үйлдвэрлэх юм. Ингэснээр Монголын төмөрлөгийн үйлдвэрлэлийн хэрэгцээ хангагдах боломжтой. Бидний зорилго бол дотооддоо эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх.  Мөн Улаанбаатар хотын А зэрэглэлийн бүсэд Нүүдэлчин цамхаг төслийг хэрэгжүүлж эхлээд байна. Нүүдэлчин цамхаг нь 25 давхар экстерьер, интерьерийн өвөрмөц шийдэлтэйгээр баригдана. Тус цамхаг нь орон сууц, оффис, худалдаан үйлчилгээ, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөх төвүүдийг цогцоор нь шийдсэн төлөвлөлттэй. Ингэснээр амьдарч, ажиллаж буй оршин суугчид болон албан хаагчид цаг алдалгүй хэрэгцээт үйлчилгээгээ авах нөхцөлийг бүрдүүлж буйгаараа онцлогтой.

 

Та бүхэн компанийн засаглалд ихээхэн ач холбогдол өгч, удирдлагын түвшинд гэлтгүй бүх ажилчдаа хамруулдаг юм байна. Манайд компанийн засаглал ямар түвшинд хөгжсөн байдаг вэ?

 

Олон улсын жишгээс харахад компани сайн засаглалаасаа хамааран амжилттай үйл ажиллагаа явуулах, оршин тогтнох дундаж хугацаа нь 30 жил байдаг. Манай монголын компаниуд сүүлийн үед үүнийг сайтар ойлгосон учир компанийн засаглалдаа ихээхэн анхаарах болсон. Засаглалыг хэрхэн хөгжүүлж байгаагаараа өрсөлдөж байна. Аль компани хамгийн түрүүнд засаглалаа бэхжүүлнэ, тэд зах зээлд урт хугацаанд, тогтвортой ажиллах боломжтой. Учир нь компанийн засаглалыг өндөр түвшинд сайжруулсанаар эргээд маш олон боломж бий болдог. Гадаад эх үүсвэрээс хөрөнгө татах, харилцагчид, хувь нийлүүлэгчдэд, ажилчдад итгэл бий болох зэргийг нэрлэж болно. Тэгэхээр манай Монголын компаниуд үүнд анхаарал хандуулах цаг үе нь мөн юм. Тийм болохоор бид компанийн засаглалаа улам сайжруулахаас төлөө улам их хичээж ажиллах ёстой.

 

Та түрүүн балансскор картын талаар дурдсан. Энэ талаар дэлгэрүүлэхгүй юу?

 

Монголын компаниуд KPI буюу ажлын гүйцэтгэлийн гол үзүүлэлтээр ажилчдыг үнэлэх, хэмжих, дүгнэх, үүнийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх ажлыг зөвхөн хүний нөөцийн газар хэлтэс хариуцах ёстой гэж буруу ойлгодог. Гэтэл энэ нь компанийн гүйцэтгэх захирал өөрөө нэвтрүүлэх хүсэл сонирхол, зүтгэлтэй байх хэрэгтэй. Ингэснээр байгууллагын бүх газар хэлтэс, бүх ажилчид өөрсдөө хийж гүйцэтгэж дуусдаг ажил.

1992 онд Харвардын их сургуулийн профессор Каплин доктор Баланс скор картад суурилсан бизнес төлөвлөгөө хийх аргачлалыг анх боловсруулж, компаниудад нэвтрүүлсэн байдаг. 1996 оноос Японы үйлдвэрлэлийн бизнесийн загвартай нэгтгээд, сайжруулж гаргасан. Энэ дагуу олон улсад нэр хүндтэй компаниуд Баланс скор картад суурилсан бизнес төлөвлөгөөний аргачлалаар бизнес богино, дунд, урт хугацааны бизнес төлөвлөгөөгөө боловсруулан эрчимтэй ашиглаж ирсэн юм билээ. Жишээ нь Тоёота, Инчеон нисэх онгоцны буудал гэх мэт газруудыг нэрлэж болно. Солонгост Баланс скор картад суурилсан бизнес төлөвлөгөө хийдэг компаниуд дунд явуулдаг тэмцээнд Инчеон дөрвөн жил дараалан түрүүлсэн байх жишээтэй.

Манай компаниуд сүүлийн үед энэ аргачлалыг хэрэглэж байна. Үүний онцлог тал нь компанийн алсын хараа, эрхэм зорилго, зорилт, стратегийг хэрэгжүүлэхийн тулд компанийн ажилтан бүрийн оролцоог нарийвчилж гаргадгаараа онцлогтой.

 

Ярилцсанд баярлалаа. Танд болон танай хамт олонд ажлын өндөр амжилт хүсье.

 

2014 оны 4 сарын 7