МОНГОЛНЭВТРЭХ
ENGLISH

“Хишигтэн нүүдэлчин” компани Франц улсаас мах, сүүний чиглэлийн 155 үхэр оруулж ирлээ

"Хишигтэн нүүдэлчин” компани нь Франц улсаас мах, сүүний хосолсон өдөрт 25 литр сүүний гарцтай “МОНБЕЛЬЯРД” үүлдрийн 150 үнээ, 5 бух нийт 155 үхрийг өнөөдөр 12 цагт Чингис Хаан олон улсын нисэх буудалд хүлээн авлаа.

ҮХААЯам, Монгол банктай хамтран “хүнсний гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөрийн хүрээнд “Хишигтэн нүүдэлчин” компани 2012 оноос эхлэн үхрийн фермерийн аж ахуй байгуулах төслийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд ард иргэддээ цэвэр сүү хэрэглүүлэх зорилго тавин ажиллаж байгаа аж. Үхрийн фермер байгуулах төслийг Үйлдвэр, Хөдөө Аж Ахуйн яам, ХААН банк дэмжин ажиллаж Засгийн газрын бондын хөнгөлөлтэй зээлд хамрагдсан нь сайшаалтай хэмээн “Хишигтэн нүүдэлчин” компанийн гүйцэтгэх захирал Ж.Баттөгс, ҮХААЯ-ны МАА, бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Н.Ганибал нар онцлон ярьлаа.

Энэхүү төсөл нь Улаанбаатар хотоос 110 км-т байрлах төв аймгийн Архуст сумад хэрэгжиж байгаа бөгөөд чөлөөт маллагааны системтэй фермерийн аж ахуй юм. “МОНТБЕЛЬЯРД” үүлдрийн үнээний онцлог давуу тал нь өдөрт 25 литр уураг ихтэй, цэвэр сүү гаргадаг бол “МОНБЕЛЬЯРД” үүлдрийн бухыг хүнсний махны чиглэлээр голчлон ашигладаг байна. ОХУ болон хүйтэн сэрүүн уур амьсгалтай улс орнуудад энэ үүлдрийн үхэр идээшиж, дасаж туршигдсан тул өвлийн улиралд Монголын хүйтэн сэрүүн цаг уурын нөхцөлд дасан зохицох чадвартай гэнэ. 

“Хишигтэн нүүдэлчин” компани нь үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг “НҮҮДЭЛЧИН ГРУПП” ХХК-ийн охин компани бөгөөд уул уурхайн эрэл хайгуул, олборлолт, нөхөн сэргээлт, барилгын материал үйлдвэрлэл, гурилын үйлдвэрлэл, газар тариалан эрхлэлт, мал аж ахуй гэсэн томоохон салбаруудад ажилладаг ба “МОНБЕЛЬЯРД” үүлдрийн үхрийн фермерээр үйл ажиллагаагаа өргөжүүлж байгаад баяртай байна хэмээн тус компанийн гүйцэтгэх захирал Ж.Баттөгс ярьсан юм.

 

2014 оны 4 сарын 2