МОНГОЛНЭВТРЭХ
ENGLISH

Уул уурхайд хариуцлагатай үйл ажиллагаа явуулах нь бидний үүрэг

Огноо: 2012-02-28
 
“Мондулаан Трейд” ХХК-ийн ерөнхий захирал, “Уул Уурхайн Үндэсний Олборлогч” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Шүхэртийн Лхамсүрэнтэй ярилцлаа.
 
-Ярилцлагаа таны тэр¬гүүл¬дэг “Мондулаан трейд” компанийн үүсэл хөгжлөөс эхэлье гэж бодож байна?
-Манай компани 1998 онд үүсэн байгуулагдсан. Анх ду¬лааны зуух үйлдвэрлэх зорил¬гоор бизнест орж байлаа. Би өөрөө дулааны инженер мэр¬гэжилтэй хүн л дээ. Тэр та¬лаବсаа анхны бизнесээ мэр¬гэжил¬дээ түшиглэж эхэлсэн гэ¬хэд болно. Харин 2002 оноос уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж эхэлсэн.
 
-Хэдэн салбарт үйл ажиллагаагаа явуулж байна даа?
-Бид одоо уул уурхай, барилга, хөдөө аж ахуйн салбарт үйл ажиллагаа явуулж байна. Уул уурхайн чиглэлийн хувьд анх 2002 онд Баянхонгор аймагт алт олборлох лиценз авч “Ар хар чулуутын уурхай”н төслийг эхлүүлж байсан бол өнөөдөр тэнд биологийн нө¬хөн сэргээлтийн ажил хийгдэж байна. 2007-2010 онд Сэлэнгэ аймгийн Баянгол суманд Бороо Гоулд ХХК-тай байгуулсан Хамтран ажиллах гэрээний үндсэн дээр Их даширын уурхайн төслийг амжилттай хэрэгжүүлж дуусгасан. Өнөөдөр бид Төв аймгийн Заамар суманд “Бага хайлааст”-ын уурхайн төслийг хэрэгжүүлж байна. 
 
-“Бага хайлаастын” уурхайн төсөл хэдэн жил үргэлжлэх вэ?
-Энэ төсөл маань Төв аймгийн Заамар сумын Хайлааст багийн нутаг дэвсгэрт оршдог Бага хайлаастын аманд 2010 оны 6-р сарын 25-наас үйл ажиллагаагаа эхэлсэн. Одоогоор 250 гаруй ажилтантай. Төлөвлөгөө ёсоор 2012 оны гуравдугаар сард манай энэ төслийн ажил дуусгавар болох юм.
 
-Таныг бас “Уул Уурхайн Үндэсний Олборлогч” ХХК-ийн ТУЗ-ын даргаар ажилладаг гэж байсан ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг юм вэ?
-Уул уурхайн салбарт ажилласан туршлага дээрээ тулгуурлан чадвартай, туршлагатай Инженерүүдтэй хамтран 2010 онд үүсгэн байгуулсан. Уул уурхайн үйлдвэрлэлд аюулгүй ажиллагааны зөв дадал зуршил эзэмшсэн баг хамт олныг бүрдүүлж ажилласнаар, ажлын бүтээмж дээшлэн, хүрээлэн буй орчинд сөрөг нөлөөлөл багатай, хүн цагийн алдагдалгүй ажилладаг. Аюулгүй үйлдвэрлэл нь аюулгүй ажиллагааны шалгуур үзүүлэлт болон ажилчдын аюулгүй байдлыг хангахад чиглэгдсэн идэвхтэй үйл ажиллагааг хэрэгжүүлэх замаар аюулгүйн өндөр төвшинд үйлдвэрлэл явуулах бөгөөд энэхүү үйл ажиллагаа нь багийн нэгдмэл байдал, итгэл үнэмшил, өмчийн хариуцлага зэрэг хүний хүчин зүйлээс ихээхэн шалтгаалдаг үйлдвэрлэлийн соёл юм. Бид уурхайн олборлолтыг мэргэшсэн инженерүүдээр ахлуулсан, орчин үеийн уул уурхайн хүнд машин механизм, тоног төхөөрөмж дээр дадлагажиж туршлагажсан, аюулгүй ажиллагааны зөв дадал зуршилтай, олон жил багаараа ажилласан мэргэшсэн чадварлаг хамт олны бүрэлдэхүүнтэйгээр гүйцэтгэх үйл ажиллагааг явуулдаг. 
 
-Олборлолтоо явуулахдаа та бүхний баримталдаг зарчим юу вэ?
-Бид Бага хайлаастын төслөө эхлэхдээ Хариуцлагатай уул уурхайг хөгжүүлье гэдэг л зорилго тавьсан. Хариуцлагатай уул уурхай гэдэг маань байгаль орчинд хохирол багатай үйл ажиллагаа явуулах, аюулгүй үйлдвэрлэл эрхлэх, орон нутагтай үр дүнтэй харилцаж, хамтран ажиллах гэдэг гурван үндсэн ухагдахууныг л хэлээд байгаа юм шүү дээ. Энэ үүднээс манай хамт олон Бага хайлаастын төслийг хэрэгжүүлэхийн тулд төлөвлөлтийг маш сайн хийхэд анхаарсан. Төлөвлөлтдөө байгаль орчны нөхөн сэргээлтийг олборлолттойгоо зэргэцүүлж явуулах асуудлыг тодорхой тусгасан. Энэ дагуу өнгөрөгч онд 40 орчим сая төгрөгийн Биологийн нөхөн сэргээлтийг хийсэн юм. Мэргэжлийн байгууллагаас хангалттай сайн үнэлгээ өглөө. Бид төлөвлөлтөө хийхдээ ямар ямар эрсдэлүүд учирч болохыг урьдчилан тооцдог. Ажлаа ингээд нарийн тооцоод ирэхээр эрсдэлээс сэргийлж, ажиллах нөхцөлөө хангахад хялбар болдог юм билээ. Хамгийн том эрсдэл бол аюул осол. Аюул ослыг бууруулахын тулд яаж ажиллах вэ гэдэг л компанийн амин чухал бодлогын нэг шүү дээ. Хүн болгоныг аюул дагалдаж байдаг. Үүнийг ажил хийдэг хүн нэгдүгээр таньж мэддэг, олж илрүүлдэг байх ёстой. Тийм ч учраас компанийн зүгээс ажлын байрны нөхцөлийг тэргүүн ээлжид тавьдаг. Бид бүтээгдэхүүнээ зэрэглэлийн хувьд гуравдугаарт, байгаль орчин, аюулгүй байдлыг нэг, хоёрдугаар ээлжид авч үздэг нь ийм учиртай юм. Өөрөөр хэлбэл, байгаль орчин, аюулгүй ажиллагаа хоёр хангагдсан тохиолдолд бүтээгдэхүүн үйлдвэрлэе гэсэн үг л дээ. Орон нутгийн харилцааны хувьд сум орон нутагт оршин суугаа ард иргэдэд уурхайн үйл ажиллагаагаа нэгдүгээрт танилцуулах нь чухал гэж үзсэн. Ямар ч төслийг ямар хугацаанд хэрэгжүүлэх гэж байгаа вэ, түүний үр дүнд та бүхний амьдралд өөрчлөлт орох ямар магадлал байна вэ гэж сумын Засаг дарга, Иргэдийн хурал, ард иргэдэд нь танилцуулах шаардлагатай шүү дээ..
 
-Яг энэ бодлогын хүрээнд Заамар сумаас хэдэн хүнийг ажлын байраар хангасан бэ?
-Заамар сумын иргэдийг ажлын байртай болгох, сумын Засаг даргатай хамтран ажиллах зорилгын хүрээнд эхний ээлжинд ямар хүмүүсийг авч ажиллуулж болох вэ гэдэг судалгаа хийж анкет авдаг. Тэгээд л судалж үзээд ажилд авдаг даа. Гэхдээ зүгээр ч нэг авах биш мэргэшүүлэх нь бидний зорилго. Энэ үүднээс мэргэшүүлэх сургалтад хамруулж, аюулгүй ажиллагааны чиглэлээр сургалт явуулдаг юм. Үүнийг дагаад нэг нэгэндээ итгэх итгэл бий болдог. Энэ л хандлага орон нутагт нөлөө үзүүлдэг гэж би боддог. Одоогоор Заамарын харьяат 30 гаруй хүн манайд албан ёсоор ажиллаж байна. Орон нутагтай болон Энхмөнх эргэх холбоо ТББ-тай байгуулсан Гурвалсан гэрээний үндсэн дээр Бичил уурхайг зохион байгуулж орон нутгийн 50 хүнийг хөдөлмөрлөх нөхцөлөөр хангаж ажиллуулаад байна. Энэ талаар дараа нь дэлгэрэнгүй яръя.
 
-Заамар сумын нутагт төсөл хэрэгжүүлээд олон жилийн нүүр үзээгүй ч тус орон нутагт чамгүй хөрөнгө оруулалт хийсэн гэх юм. Энэ талаар илүү тодорхой ярьж өгөөч.
- Хөрөнгө оруулалтын тал дээр яривал манай компани 2010 онд Заамар суманд 40 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Сумын зүгээс хоёр худаг гаргаад өгөөч, сумын төвийн цэвэршүүлэх байгууламж, зам, давааг засаад өгөөч гэдэг хүсэлт тавьсныг нь хүлээн авч шаардлагатай хөрөнгө мөнгийг нь гарган өгч, мөн зарим ажлыг нь өөрсдийн хүчээр хийсэн. Орон нутагтай байгуулсан “Хамтран ажиллах гэрээ”-ний дагуу жил бүр Их дээд сургуульд суралцаж буй 3 оюутны сургалтын төлбөрийг дааж байна гээд яриад байвал олон зүйл байна. 2011 онд би өөрөө саналаа тавьсан. “За яахав, малчдад худаг гаргаж өгч, тэднийг устай болгож болно. Харин Залуусыг мэргэжилтэй, ажилтай болгох тал дээр зохиогдож буй ажил тань сэтгэлд хүрэхгүй байна” гэж. Заамар суманд МСҮТ байдаг. Түүний үйл ажиллагаатай танилцсан. Тэгээд яг ямар мэргэжил, дадлагын газар хэрэгтэй байна вэ гэдэг дээр өөрийн саналыг оруулаад гагнуурчны онол, дадлагын кабинет байгуулж өгье гэсэн. Өнөөдөр “Оюу толгой”, “Таван толгойн” бүтээн байгуулалтад гагнуурчин маш их хэрэгцээтэй байна шүү дээ. Би өөрөө дулааны инженер учраас гагнуурчин гэдэг ямар үнэ цэнэтэй мэргэжил болохыг мэднэ. Тэгээд л гагнуурчны кабинет байгуулах нь зүйтэй гэж үзсэн хэрэг. 11 дүгээр анги төсгөөд ирсэн залуусыг сайн гагнуурчин болж чадвал хэрэгцээтэй газраа очоод амьдралаа аваад явчихна. Энэ л бодлын үүднээс гагнуурчны каби¬нетыг тохижуулахад 35 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн.
 
-Заамар сумаас танай компанид ажилд орсон хүмүүс ямар ажил хийдэг вэ?
-Сумын хэмжээнд жолоочийн мэргэжилтэй хүмүүс их байна. Манайд дамп, экскаватор, лодерын оператороор нэлээд хэдэн залуучууд ажиллаж байна.
 
-Гэрээгээр ажилладаг 50 хүн бий гэлээ. Тэднийг бичил уурхай эрхэлдэг гэж ярьж, бичиж байхыг хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр уншиж, сонссон. Одоо энэ чиглэлийн хөдөлмөр эрхэлдэг хүмүүсийн амьдралд ямар өөрчлөлт гарсан бэ?
-Заамарт уугуул иргэдээс гадна бусад газраас нүүж ирсэн иргэд цөөнгүй байдаг. Тэдэн дотор ажилгүй хүмүүс их. Үүнээс үүдээд бэрхшээлтэй асуудал босоод ирдэг. Уурхай руу хууль бусаар дайрдаг үзэгдлийг л би бэрхшээлтэй хүнд асуудал гээд байгаа юм шүү дээ. Энэ бол хулгай хийж байгаатай адилхан үйлдэл. Уул уурхайн бол онцгой объект гээд хуульд заасан. Гэтэл иргэд халдах явдал гардаг. Үүнээс болоод л харуул хамгаалалтын тоог олшруулах, гэрээт харуул хамгаалалт авах гээд зардал маш их гараад ирж байгаа юм. Орон нутгийн иргэд ажилгүй, орлогогүй байгаагаас л ийм үзэгдэл үүсээд байгаа нь тодорхой. Тэгэхлээр энэ асуудлыг шийдэхийн тулд компанийн зүгээс Бичил уул уурхайг ашиглахаар шийдсэн. Бичил уурхай эрхлэх Засгийн газрын 308 дугаар тогтоол гэж бий. Энэ хүрээнд Заамарын иргэд зохион байгуулалт орж “Энх мөнх эргэх холбоо” ТББ-ыг байгуулсан юм билээ. Тэргүүн нь болох  Д. Баярмаа гэдэг эмэгтэй “Компанийн зүгээс бидэнтэй хамтарч ажиллах боломж ямар байна вэ. Хамтран ажиллая гэсэн санал тавьсан. Би “Бодъё , судалж үзье, Яагаад болохгүй” гэж хариулсан. Тэгээд эерэг талаас нь хараад үзье, хамтраад үзье гэж шийдсэн. “Тогтвортой бичил уурхай” гэдэг төсөл байдаг шүү. Тэр дагуу Швейцарийн хөгжлийн агентлагийн шугамаар ирсэн гадаадын зөвлөхүүдийг уурхай дээрээ уриад “Та нарын нүдээр харахад бидний ажил дээр ийм нөхцөлд бичил уурхай ажиллах нөхцөл байна уу” гэж асуусан. “Та нар ойлговол тийм боломж байна” гэж хариулсан. Ингээд л нинжа гэгддэг 100 хүнээс судалгаа аваад 50-ыг нь бичил уул уурхайн төсөлд хамруулахаар шийдсэн дээ. Ингэхдээ Засгийн газрын 308 дугаар тогтоолын дагуу гурвалсан гэрээ байгуулах ёстойгоо мартаагүй. Улмаар Заамарын Засаг дарга, “Энх мөнх эргэх холбоо” ТББ болон манай компани 3 Хамтран ажиллах тухай гурвалсан гэрээг бай¬гуулж 2011 оны 9 дүгээр сарын 20-нд уурхайн бүс лүү дайраад байдаг 50 хүнийг сургалтад хамруулан ажлын орчинг нь бүрдүүлж өгсөн. Гэхдээ бид хамгийн гол нь итгэлцэл гэдэг юмыг нэгдүгээрт тавих хэрэгтэй гэдгийг тэдгээр 50 хүндээ ойлгуулсан. Бидний хооронд итгэлцэл байхгүй бол энэ ажил явахгүй, амархан нурна шүү дээ. Тэр тусмаа 50 хүн өөрсдөө бие биедээ итгэх ёстой гэдэг зүйлийг л хэлсэн. Хоёрдугаарт: та бүхэн энэ ажлыг хийхэд аливаа аюулыг таньдаг, аюулгүй байдлаа хангаж ажилладаг байх ёстой. Аюулгүй байдлаа бүрэн хангасан тохиолдолд аяндаа хүсэн хүлээсэн мөнгө чинь орж ирнэ гэж хэлсэн. Ингээд үйлдвэрлэлийн олборлолтын үлдэгдэл дээр 9 сарын 22-ноос бичил уурхайн ажил эхэлсэн дээ. Өнгөрсөн хугацаанд 120 орчим сая төгрөгийн алтыг Монгол банканд тушааж, 50 хүн тус бүр 400-900 орчим мянган төгрөгийн цалин авсан. Түүнээс гадна 50 бичил уурхайчин маань улсад 15 сая төгрөгийн татвар, манай харуул хамгаалалтын зардалд 10 орчим сая төгрөг өгсөн. Энэ ажил үр дүнгээ өгсөн байгаа биз дээ. Хэрвээ хэн хэн нь ойлгож чадаагүй бол энэ их мөнгө зүгээр л хаягдах л байсан байхгүй юу.
 
-Сүүлийн хэдэн жил танай компанийн хувьд нөр их ажлын жил байжээ. Та компанийнхаа амжилтын талаар ярина уу?
-Үзүүлсэн амжилт гэвэл 2002 онд дулааны чиглэлийн компаниас уул уурхайд орж ирээд харьцангуй богино хугацаанд чанартай, гэхдээ байгальд ээлтэй, орон нутагт тус нэмэртэй олборлолт явуулж чадсан. Хоёрдугаарт гэвэл “БорооГоулд” компанитай хамтарч ажиллаж, харилцан суралцсанаа амжилт гэж боддог. Уул уурхайн аюулгүй ажиллагаа, нөхөн сэргээлтийг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлдэг хууль дүрмийг ягштал биелүүлдэг хамт олон гэвэл “БорооГоулд” ХХК шүү дээ. Тийм байгууллагатай хамт гурван жил ажилласнаа маш том амжилт гэж боддог. Түүнээс гадна “алдарт” 68 хувийн татварын тухай (гэнэтийн ашгийн татвар) хуультай холбоотой хэдэн үг хэлье гэж бодож байна. Сайн хууль гэж бий. Муу хууль ч гэж бий. Тэрийг дагаж мөрдөх нь л чухал. Ингэж л үзсэн учраас бид 68 хувийн татварыг төлөөд л гараад ирсэн. Үүнийгээ манайхан амжилт гэж үздэг. Жилд дөрөв, таван сая долларын татвар төлсөн. Зугтаах гэж ерөөсөө оролдоогүй. Одоо ингээд харахад үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцдэг л юм байна. Өнөөдрийн хувьд “Бага хайлааст” төслийг бие дааж хэрэгжүүлж байна. 2011 онд: Засгийн газраас- Иргэний нийгмийг дэмжигч байгууллага Татварын Ерөнхий газраас Шилдэг татвар төлөгч байгууллага Нийгэм хамгаалал Хөдөлмөрийн яамнаас “Эрүүл-аюулгүй ажлын байрыг дэмжигч байгууллага Байгаль орчны иргэний зөвлөлөөс- Шилдэг нөхөн сэргээлт хийсэн уурхай гэсэн шагналуудыг авсан. Энэ бүгдээс харахад бидний зам зөв байгаа нь харагдаж байгаа биз.
 
-Танай компанийн цаашдын гол зорилго юу вэ. Эрхэм зорилго гэдэг утгаар нь асууж бай¬на л даа? Таныг бас MNO компанийн ТУЗ-ын даргаар ажилладаг гэж сонссон.
-Бид 2016 он хүртэл компанийнхаа алсын харааг дэвшүүлсэн. Бидний хувьд мөрөөдөл гэх юм уудаа. Мэдээж биелж болох мөрөөдөл. Энэ мөрөөдөлдөө хүрэхийн тулд стратегийн зорилгоо тодорхойлсон. Бид¬ний зорилго маш өвөрмөц. Түүнийгээ “Үндэсний Шинэ Бахархал” гэж томьёолсон. Энэ маань Монгол хүн юмаа хийж чаддаг болох, түүгээрээ бахархдаг болох тийм л зорилго юм. Үүнд хүрэхийн тулд компанийн зорилго, ажилтнуудын зорилго хоёр нэгдэх ёстой болчхоод байгаа юм. Тэгж байж амжилтад хүрнэ. Компанийн суурь нь манай боловсон хүчин, хүний нөөц шүү дээ. Ажилтан гэдэгт би өөрөө орно. Оператор, инженер гээд бүгд л хамаарна. Тэдний зорилго нэг. Бүгд л сайхан амьдрах. Сайхан амьдрахын тулд байр орон сууцтай болох хэрэгтэй. Гэр оронтой болохын тулд тогтвортой, үр бүтээлтэй ажиллах ёстой. Үр дүнтэй ажиллахын тулд эрүүл байх ёстой. Эрүүл ажиллахын тулд аюулгүй ажлын байрны нөхцөл чухал. Ингээд бүгд өөр хоорондоо уялдаатай байгаа биз. Үүнд л нийцсэн үйл ажиллагааны орчин бүрдүүлэх нь бидний зорилго юм. Би ганцаараа энд ажиллаад бүтээн байгуулаад байгаа юм биш. Олон хүний хүч оролцоогоор явж байна. Тэдний хөдөлмөрийг үнэлэх ёстой. Гэхдээ зорилгоо нэг болгочхоод хамтран зүтгэж байж алсын хараандаа хүрч чадна. Зорилгоо биелүүлэхийн тулд одоо байгаа бидний давуу тал юу юм, сул тал юу юм бэ гэдгээ тодорхойлох хэрэгтэй. Давуу талаа ашиглаад сул талаа засвал алсын хараа маань мөн амархан биелнэ дээ. Тэгэхлээр миний ч хувьд, бидний ч хувьд суралцах л хэрэгтэй байгаа юм. Ер нь бид өөрсдийгөө гаднынхантай харьцуулж харах хэрэгтэй. Тухайлбал, Германд уул уурхайн үйлдвэрлэл ямар төвшинд явагддаг юм бэ, Монголд ямар төвшинд хэрэгжиж байна вэ гэдгийг харьцуулж харна гэсэн үг. Манайд олборлосон алт Лондонгийн биржид тухайн ханшаараа зарагддаг бол тэднийх ч гэсэн тэгж л зарагддаг. Тэгэхлээр Монгол, Герман хоёр ажилтны авдаг цалин адилхан байх ёстой гэсэн үг. Түүнд хүрэх нь манай зорилгын нэг хэсэг л дээ. Эрхэм зорилгын хувьд гэвэл би ярилцлагын эхэнд хэлсэн. Алсын хараа болсон стратегиа хэрэгжүүлэхэд зорилго их чухал. Бидний эрхэм зорилго бол байгаль орчинд ээлтэй олборлолт, ажилтнуудад тохирсон аюулгүй үйлдвэрлэл явуулах. Ингэж байж бизнес зөв явдаг. Замаа зөв тодорхойлохын тулд хариуцлагатай уул уурхайг л хөгжүүлэхэд бидний зорилго чиглэгдэж байна гэсэн үг.
 
 
2014 оны 3 сарын 28